
2011 оны 12-р сарын 27, Мягмар гариг, 11:54
Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Boxing Day” үргэлжилж байна. Ердөө аравхан хоногийн дотор дөрвөн тоглолт хийх даалгавартай багууд өнгөрсөн шөнө “Boxing Day”-ын хүрээнд гурав дахь тоглолтоо хийлээ.
“Олд Траффорд” цэнгэлдэхдээ “Уиган Атлетик”-ийн хүлээн авсан “Манчестер Юнайтед” болгар довтлогч Димитар Бербатовын хет-трикийн ачаар өрсөлдөгчөө 5:0 харьцаатай буулган авснаар лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Уламжлалт “Boxing Day” эхлэхийн өмнө гол өрсөлдөгчөөсөө хоёр онооны давуу байсан “Манчестер Сити” харин “Уэст Бромвич Албьон”-той 0:0 харьцаатай тэнцжээ. Ингэснээр Манчестер хотын багууд хоёул адил 45 оноотой болж, гоолын зөрүүгээр “Юнайтед” хүснэгтийн тэргүүн байрыг эзлэх болов.
Өмнөх тоглолтдоо “Фулхэм”-ийг 5:0-ээр бут ниргэсэн “МанЮ”-гаас энэ удаад Бербатов хет-трик хийж, Пак Чи-Сон, Валенсия нар гоолдсоноор дахин 5:0 гэсэн амжилт гаргасан юм.
Өчигдөр болсон бусад тоглолтын дүнг танилцуулъя.
Харин өнөөдөр Лондонгийн “Арсенал” талбайдаа “Вулверхэмптон”-г хүлээн авах бол маргааш “Норвич Сити” vs “Тоттенхэм”, “Свонси” vs “Квинс Парк Рейнжерс” гэсэн тоглолтууд болно.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 09:18

Мэргэжлийн сумо бөхийн ертөнц дэх Монголын хүчтэнүүд арлын оронд нэгэнт өөрсдийн орон зайг бий болгож чадсан бол дэлхий нийтийн дунд хөгжүүлж буй сонирхогчдын сумо бөхийн спортод ч Монголын тамирчид хэдийнэ өндөр байр суурь эзлэх болжээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга А.Сүхбат, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, улсын заан Ц.Мягмарсүрэн гээд сонирхогчдын сумо бөхийн тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан манай хүчтэнүүд олон ч яг энэ спортоор дагнан хичээллэж байгаа тамирчин харьцангуй цөөн байдаг. Тэдний нэг нь сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав юм. Алсын америкт амьдардаг энэ залуу өөрөө сонирхогчдын сумо бөхөөр хичээллэхээс гадна Монголын тамирчдыг тив, дэлхийн тэмцээнд оролцож, амжилт гаргахад нь гүүр болж өгдөгт нь олон хүн талархаж явдаг юм билээ. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л тэрбээр өнгөрсөн жилийн улсын баяр наадамд түрүүлсэн, арслан Б.Ганбат, улсын заан Ц.Мягмарсүрэн, аймгийн арслан Т.Энхтайван нарын бөхчүүдийг АНУ-д урьж, тэндхийн бөхчүүдтэй туршлага солилцох журмаар хамтарсан бэлтгэл хийлгэж байна. Нутгийн дүүгийнхээ урилгаар Америк дахь япон сумог судалж яваа арслан, заанууд арав гаруй хоног тэндээ саатах гэнэ лээ. У.Бямбажав Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварцнеггерийн зохион байгуулсан сумогийн тэмцээнд гурван удаа түрүүлж, Шварцнеггерийн хүлээн авалтад уригдаж явсан, Калифорни мужийн Карсон хотын “Хүндэт иргэн”, Лос-Анжелес хотын “Найрамдал” медалийн эзэн гээд бидний мэдэхгүй түүх ихтэй. Бас тэр Холливудын алдарт найруулагч Стивен Стилбергийн бүтээсэн “Ocean s thirteen” кинонд дүр бүтээж байсан азтай залуу. Жорж Клуни, Аль Пачино зэрэг Холливудын супер одуудын тоглосон энэ кинонд У.Бямбажав ёкозүна Акэбоно, Мусашимару нарын мэргэжлийн сумо бөхийн алдартнуудтай хамт оролцон тоглосон байдаг.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:53

Монголын дартсын холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг дартсын хоёрдугаар сарын лигийн тэмцээн энэ сарын 26-нд болох гэж байна. Тэмцээний сонгон шалгаруулалт маргааш 10.00 цагаас “Smile lounge”-д эхлэх бөгөөд 40 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон 24 тамирчин лигийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм. Дартсын лигийн тэмцээн арваннэгдүгээр сарыг дуустал сар бүр үргэлжилж, 2011 оны аваргууд тодрох бөгөөд амжилттай оролцсон тамирчид олон улсын чанартай уралдаан, тэмцээнд эх орноо төлөөлөх боломжтой болох юм.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37
Энэ жил олон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдах хуваарьтай байгаагаас хамгийн эхнийх нь болох Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бангладешийн нийслэл Дака хотноо нээлтээ хийлээ. 36 мянган хүний суудалтай Бангабанду цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагч Бангладеш улсынхан 160 сая хүний хүчийг харуулсан байна. Урьдчилсан сонгон шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан дэлхийн шилдэг 14 орны баг тамирчид 10 дахь удаагийн крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа юм.1987 оноос эхлэн дэлхийн аварга шалагруулах тэмцээнийг улс гүрнүүд хамтран зохион явуулдаг уламжлалтай болоод байгаа бөгөөд 10 дахь удаагийн дэлхийн аварга Бангладеш, Энэтхэг, Шри Ланк гэсэн гурван улсын нутаг дэвсгэрт зохиогдох юм. Нээлтийн ёслолын үйл ажиллагааг нээж, Бангладешийн ерөнхий сайд Шэйх Хасина Вазейд үг хэлсэн юм. Тэмцээний нийт шагналын сан 30 сая ам.долларт хүрсэн бөгөөд ялсан баг гурван сая ам.долларыг цомын хамтаар хүртэх юм.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37
Тайванийн нийслэл Тайпей хотноо 2011 оны уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Тэмцээнд Америк, Ази, Африк болон Австрали тивийн 16 орны 93 гаруй тамирчид уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын уран гулгалт болон мөсний бүжгийн төрөлд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр мөсний бүжиг болон хосын төрлийн богино үзүүлбэрийн тэмцээн болсон байна. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн богино хөтөлбөр, хосын чөлөөт гулгалт, мөн мөсний бүжгийн чөлөөт бүжгийн тэмцээн болж байгаа юм. Хосын төрөлд Хятадын хос болох Пан Цин, Тун Жянь нар богино үзүүлбэрээр 71,41 оноо авч, одоогоор тэргүүлж байгаа бол Канадын хоёр хос удаахь байруудад бичигдээд байна. Харин мөсний бүжгийн төрөлд богино хөтөлбөрийн дараах байдлаар Канадын Тесса Вирту, Скотт Мойр нар 69,40 оноогоор манлайлж байгаа юм. Сонирхуулахад, тэмцээний шагналын сан 250 мянган ам.доллар бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн уран гулгагчид тус бүр 15 мянган ам.доллар, харин хосын төрөлд 22500 ам.долларын мөнгөн шагнал хүртэх ажээ. Тэмцээний аваргууд ням гаригт тодорно.