
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 09:43
АНУ-д өвөл болгон зөгийн сүргийн гуравны нэг нь үрэгдэх болж. Энгийн үед энэ нь ердөө аравны нэг гэсэн үзүүлэлттэй байдаг. Европт жил бүр зөгийн 20 хувь нь устаж байна. Мөн Латин Америк, Азид ч зөгийн тоо толгой огцом цөөрөх болжээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон хөдөө аж ахуйн "Rabobank" банкны мэргэжилтнүүдийн саяхан гаргасан илтгэлд түгшүүр төрүүлэм статистикийг дурдсан байна. Эрдэмтдийн тооцоолсноор 1961 оноос эхлэн дэлхийн зөгийн сүргийн тоо хоёр дахин багассан бөгөөд нэг га талбайд ногдох зөгийн тоо 90 хувиар буурсан байх юм.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:53
Аливаа улс орны ирээдүйн хөгжлийн үндэс нь оюутан, залуучууд байдаг билээ. Иймээс оюутан, залуучуудын хөгжлийн асуудал нь төр, нийгмийн бодлогын төвд байх ёстой гэж Монгол Улсын нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт салбар байгууллагатай, 60 гаруй мянган гишүүд, дэмжигчидтэй үндэсний хэмжээний залуучуудын байгууллагын хувьд Ардчилсан Залуучуудын Холбоо үздэг юм.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээгээр их, дээд сургуульд суралцагч 160 гаруй мянган оюутан, залуучууд байдаг бөгөөд тэдний өмнө тулгамдаж буй олон асуудал байна. Юуны өмнө дээд боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх, оюутнуудын сурч боловсрох орчин, нөхцлийг сайжруулах зэрэг асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа юм.
Жил бүр хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотод суралцахаар 50 орчим мянган оюутан, залуучууд ирдэг хэдий ч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 42 оюутны байр байдаг ба тэдгээр нь ердөө л 13 мянга гаруй оюутны багтаамжтай байдаг байна. Уг тоо баримтаас харахад оюутны байрны хүрэлцээ үнэхээр муу байгаа нь харагдаж байна.
Оюутны байрны хүрэлцээнээс гадна тэдгээр оюутны байрны орчин, нөхцөл нь мөн л учир дутагдалтай байгаа юм. Ялангуяа мэдээллийн эрин болсон өнөө цагт сурч боловсорч буй оюутан, залуучууд шинэ мэдлэг, мэдээллийг олж авах, дэлхийн нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахад интернэт нэн шаардлагатай бөгөөд оюутнууд өөрийн хоёр дахь гэр болсон, сургуулийн дараа орох эрдэм номын газар болох дотуур байрандаа интернэт ашиглах боломж туйлын бага байгаа нь үнэхээр харамсалтай.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37
Оюутнуудын сургалтын төлбөрт эх орны хишгээс олгох 500 мянган төгрөгийн бүрдүүлэх материалыг хүлээн авах хугацаа дуусчээ.
Үүний дагуу их, дээд сургуулиуд өөрийн сургуулийн оюутнуудын бүрдүүлэх ёстой материалыг нэгдсэн журмаар чуглуулан харьяа хөдөлмөр халамж үйлчилгээний газруудад өгчээ. Гэхдээ нийслэлд 110 их, дээд сургууль материал өгөх ёстойгоос 49 сургуулийн 25619 оюутны материал Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүргэгдсэн байна.
Материалаа хүлээлгэн өгсөн сургуулиудын дийлэнх нь хувийн хэвшлийн их, дээд сургууль байгаа аж.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудад "Хүний хөгжил сан"-гаас 500 мянган төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Холбогдох албаны хүмүүс өчигдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
Их дээд сургууль, коллежийн өдрийн ангид бакалавр, магистр, докторын чиглэлээр суралцагчид 500 мянгыг авах эрхтэй гэнэ. Харин оройн болон эчнээ ангид, гадаа-дад суралцаж байгаа оюутнууд "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хүртэхгүй. Оюутнууд эхлээд харъяа дүүрэг, хороо, багийн ажилтнуудад өөрийн мэдээллээ үнэн зөвөөр өгөх ёстой аж Энэ материал Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар очно.
Харин их дээд сургуулиуд Сургалтын төрийн санд суралцагчдынхаа мэдээллийг явуулна. Ингээд Сургалтын төрийн сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран оюутны мэдээллийг тулгаж зөрүүтэй эсэхийг хянах аж. Үүний дараа шаардлага хангасан оюутны төлбөрийн санхүүжилтийг олгох хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам санхүүжилтийг гуравдугаар сард багтаан Сургалтын төрийн сангийн дансанд байршуулах ба эндээс сургуулиуд уруу шилжүүлэх юм.